BootUP Mongolia
Donation protected
Хамтдаа хөгжицгөөе: МТ-ийн төсөл дэмжих сангийн төсөл
Үндэслэл
Өнөөгийн Монгол улсын байдлаас ажиглавал бидэнд хөгжлийн гарц болж болох арга зам бараг үгүй мэт болжээ. Гэхдээ тэр нь ор тас хаагдсан уу гэвэл үгүй. Монгол улсад хөгжиж дэлхийн түвшинд гарах цөөхөн арга зам байж болохын нэгэнд зүй ёсоор мэдээллийн технологи багтана. Үүнд хэд хэдэн баталгаа байна.
Бид бодит биет бүтээгдэхүүн үйлдвэрлэл, газар тариалан эрхлээд ашиг тус бага. Учир нь манай улстай яг залгаа дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс байна.
Аялал жуулчлал гээд ярьвал олон улсын хэмжээнд Монголоос өөр үзэх харах юмтай улс олон бий.
Уул уурхай газар шороогоо бид урд эсвэл хойд хөршдөө дэлхийн үнэлгээнээс доогуур өгөх ганц л замтай.
Харин МТ-н салбар нь өөрөө хил хязгааргүйн дээр аливаа төрлийн зүйлээс илүүтэй хүний сэтгэн бодох чадвар дээр оршин тогтнодог салбар. Энэ салбараар Монгол залуус маань амжилт гаргах боломжтойг цөөнгүй залуус батлан харуулсан. Түүнчлэн энэхүү салбарын зах зээл нь хил хязгааргүйгээс гадна өдрөөс өдөрт өсөн тэлж дэлхийн аль ч өнцөгт компьютер интернэтгүй хүн олоход хэцүү болж.
Мөн гар утас болон ухаалаг төхөөрөмжүүд одоо хүч түрэн орж ирлээ. Тэгвэл Монголчууд энэ салбарт дэлхийн зах зээлд өрсөлдөхөд юу хамгийн гол саад болж байна вэ? Бидэнд дэлхийн аль ч улсын мэдээллийн сангаас суралцах боломж интернэтээр дамжин нээлттэй байна, бидэнд аль ч газрын чадварлаг програмистуудаас дутахгүй мэргэжилтнүүд байна. Хамгийн том асуудал нь төсөл боловсруулахад шаардагдах анхны хөрөнгө оруулалт олоход оршиж байна гэж үзсэний үндсэн дээр энэхүү төслийг хэрэгжүүлвэл үр дүнд хүрэх өчүүхэн боломж байгааг олж харсан юм.
Зорилго
- Монгол залуусыг дэлхийн тавцанд өрсөлдөхөд туслах.
- Монголын МТ -н салбарт хүчтэй хувь нэмэр оруулж мөс хагалагч компаниудыг торниулах.
Зорилт
- bootup.mn веб сайтаар дамжуулан олон нийтээс санхүүжилт босгож гарааны хөрөнгө оруулалт хийх.
- Мэргэжилтнүүдээс бүрдсэн баг байгуулан уг төслийг хэрэгжүүлэхэд нь туслах.
- Гадны хөрөнгө оруулагчидтай холбож дараа дараагийн хөрөнгө оруулалтыг авахад нь дэмлэг үзүүлэх.
Хийх ажил
Төслийн хүрээнд ТББ/Компани/Сан байгуулагдана. Тухайн байгууллага нь төсөл дэмжих үндсэн үйл ажиллагаа явуулах ба дараах үйл ажиллагааг эрхлэнэ. Үүнд:
-Төсөл шалгаруулах
- Төслийн судалгаа, шинжилгээнд туслалцах
- Төслийн санхүүжилтийг сайтаар дамжуулан хандивын хэлбэрээр бий болгох
- Төслийн бойжих явцад зөвлөгөө тусламж үзүүлэх
- Төслийн хэрэгжилтэнд хяналт тавих
- Дараагийн шатны хөрөнгө оруулагчийг олоход нь зуучлах
Тухайн байгууллагад хандсан мэдээлэл технологийн төслүүдийг байгууллага судлан шинжилж хэр найдвартайг тандана. Цаашид хөгжих магадлалтай боломжтой гэж үзсэн төслийг bootup.mn-д байршуулж олон нийтээс хандив босгоно.
Хандивын тодорхой хэсэг буюу эхний майлстон хүрсэн тохиолдолд төсөл амжилттай санхүүжигдсэн тооцогдон төслийн багт хөрөнгө оруулалт хийж эхлэнэ.
Хөрөнгө оруулалтыг олон үе шаттайгаар хийнэ. Тухайн төслийг баг нь олон жижиг зорилтуудыг цагийн хуваарийн дагуу урьдчилан гаргасан байх ёстой.
Жишээлбэл: видео тоглоом бол эхний 1 сард зохиол бүрэн болно, дүрүүд гарна, ноорог зургууд гарна гэх мэт, вэбсайт бол эхний 1 сард IA болон Mockup гарсан байна, дараа сард сайтын прототайп гарсан байна гэх мэт.
Хандиваар орж ирсэн хөрөнгө оруулалтыг тухайн төслийн багт сар бүрт нь хувааж зарцуулна. Жишээ нь эхний сард ийм ийм ажлууд хийгдэх ба ийм зардал орно гэсэн бол тухайн зардлыг нь гаргаж өгөөд бүтээгдэхүүнийг хүлээн авна. Хэрвээ төслийн баг амлалтаа биелүүлээгүй бол тодорхой хугацаа өгөх ба хэрэв нэмэлт хугацаандаа амжаагүй нөхцөлд төсөл унасанд тооцож хөрөнгө оруулалтын үлдэгдлийг хөрөнгө оруулагчдад буцаан олгоно.
Харин баг цаг хугацаандаа амласан ажлаа биелүүлсэн бол дараагийн хөрөнгө оруулалт хийгдэх зарчмаар явагдана.
Төслийн хэрэгжилт биелэлтийн явцад байгууллага мэргэжлийн хүмүүсээр дамжуулан тогтмол санаа тавин заавар зөвлөгөө өгөх ба төслийг аль болох амжилттай болгохын тулд хүчин чармайлт гарган ажиллана. Санхүүжилт бүрэн олгогдож дууссаны дараа төслийн багт дараа дараагийн хөрөнгө оруулагч олоход нь зуучилж өгнө.
Санхүү
Хандиваар цугларсан бүх мөнгөний захиран зарцуулах эрх байгууллагад байх ба харилцаа нь хөрөнгө оруулагч, төслийн баг, байгууллага гурвын хооронд хийгдсэн цахим гэрээгээр зохицуулагдана. Байгууллага нь төсөлд цугларсан санхүүжилтын 10%-ийг өөрсдийн үйл ажиллагаанд зарцуулна.
Хэрвээ төсөл амжилтгүй болсон тохиолдолд хөрөнгө оруулагч эрсдлээ хариуцах ба байгууллага үйл ажиллагааны зардал болон тухайн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын үлдэгдлийг хөрөнгө оруулагчид буцаан олгоно.
Энэ төслийг хийхэд заавал хөрөнгө оруулалтын шаардлага бий юу?
Тэгэхээр бид энэхүү төслийг өөрсдийн төслийн системийн дагуу эхлээд өөрт нь хөрөнгө босгохоор шийдсэн юм. Ингэснээр тухайн төсөл маань бусдын дэмжлэгийг авч чадах уу? амжилт олох уу? гэдэг нь тодорхой болно гэж үзэж байна.
Хэрвээ энэхүү төсөл маань өөрөө уг системээр бий болж болсон юм бол бусад төслүүд ч гэсэн бий болох боломжтой нь батлагдаж байгаа юм.
Хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хэрэгтэй байна вэ?
Бидэнд эхний ээлжинд bootup.mn сайтыг хийхэд 2250$ буюу 4.5 сая төгрөг хэрэгтэй байна. Та бидэнд аль болох чадахаараа тусламж үзүүлээрэй.
Надад ямар ашигтай вэ?
Яг үнэнийг хэлэхэд танд ашиг байхгүй. Харин та Монголынхоо жижигхэн нэг төсөлд хөрөнгө оруулагч болсноор магадгүй ирээдүйд Монголоос шинэ Гүүгл, шинэ Микрософт, шинэ Фэйсбүүк бий болоход хувь нэмрээ оруулах юм.
Бидний зорилго бол үлгэр биш, бид Монгол програмистууд жилдээ $100000 авч суудаг бусдын л адил дундаж орлоготой, ажилтай болоосой гэж хүсдэг. Тэгээд тэр мөнгөөрөө Монгол улсдаа сайхан амьдраасай гэсэн үүднээс энэхүү бяцхан төслөөр эхний замаа тавьж байгаа юм.
Та нар хэн бэ?
Бид бол энгийн л нэг Монголдоо бяцхан ч атугай тус оруулахыг хүссэн залуус.
Амарбаяр Амарсанаа
Одоогоор Амазон - програмист
Ганзориг Ганбат
DigitalEyes ХХК-н захирал
Очир Санжаадорж
Одоогоор АНУ-н Blue Fountain Media гэх компанид вэб ахлах хөгжүүлэгчээр ажилладаг.
Бидний зорилго бол мөнгө олох биш.
Хөрөнгө оруулалтыг яаж зарцуулж, хэзээ сайт бэлэн болох вэ?
Organizer
Amarbayar Amarsanaa
Organizer
Seattle, WA